Европын Холбооноос Монголд үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүллээ
Европын Холбооноос Монголын Улаан Загалмай Нийгэмлэгт (МУЗН) санхүүжилтийг олгосноор үерийн гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хорогдох байранд нүүлгэн шилжүүлсэн иргэдийг хөнжил, гудас зэрэг шаардлагатай эд зүйлсээр хангах юм. Мөн МУЗН-ийн ажилтнууд иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл өгөн ажиллаж байна.
Европын Холбооны энэхүү тусламж нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (IFRC) харьяа Гамшгийн эсрэг яаралтай тусламжийн санд (DREF) олгож буй дэмжлэгийн нэг хэсэг юм.
7-р сарын 3-10-ны хооронд орсон их хэмжээний аадар борооны улмаас Монголын зарим голын усны түвшин эрс нэмэгдэж, ихэнх газрууд их хэмжээний үерт автсан. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 128 000 хүн үерт өртсөнөөс нийт 20 000 гаруй иргэд орон гэргүй болжээ.
Үерийн улмаас 17 гаруй зам, хоёр туннел, далан зэрэг дэд бүтцэд эвдрэл үүссэн ба тодорхой газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор тогны хязгаарлалт хийсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн оршин суугчид үерт хамгийн ихээр өртжээ.
Нэмэлт мэдээлэл
Европын Холбоо ба түүний гишүүн орнууд нь хүмүүнлэгийн тусламжаар дэлхийд тэргүүлдэг. Дэлхий дахинаа эмзэг бүлгийн иргэдэд хэрэгцээт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь Европын эв нэгдлийн илэрхийлэл болдог. Уг хүмүүнлэгийн үйлсийн гол зорилго нь аливаа байгалийн болон хүнээс үүдэлтэй гамшигт нэрвэгдсэн иргэдийн амь нас, нэр төрийг хамгаалах, учирч болох эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд оршино.
Европын Холбоо нь Европын иргэний хамгаалалт, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаагаараа (ECHO) дамжуулан жил бүр зэвсэгт мөргөлдөөн, гамшигт нэрвэгдсэн 120 сая гаруй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг ECHO вэбсайтаас авна уу.
Европын Комисс нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC)-той 3 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээг байгуулж, Гамшгийн үеийн яаралтай тусламжийн санд (DREF) дэмжлэг үзүүлсэн. DREF-аас олгох хүмүүнлэгийн тусламж нь олон улсын анхааралд тэр бүр өртөөд байдаггүй "жижиг хэмжээний" гамшигт зориулагддаг.
Гамшгийн үеийн яаралтай тусламжийн сан нь 1985 онд байгуулагдсан ба хандивлагчдын дэмжлэгээр санхүүжилтээ бүрдүүлдэг. Үндэсний Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүд нь гамшгийн эсрэг санхүүгийн дэмжлэг авах нэн шаардлагатай үед DREF-аас санхүүжилт хүснэ. Жижиг хэмжээний гамшгийн хувьд IFRC нь сангаас буцалтгүй тусламжийг хуваарилдаг ба уг сан нь хандивлагчдын санхүүжилтээр сэргээгдэх боломжтой.
IFRC болон ECHO-ийн хооронд байгуулагдсан гэрээнд зөвшилцсөн аливаа үйл ажиллагаанд (хүмүүнлэгийн зорилготой байх) 3 сая хүртэлх еврогийн санхүүжилтийг зориулж, DREF-ийн санг дахин сэргээх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Peter Biro, Европын иргэний хамгаалалт, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааны (ECHO) бүсийн хэвлэл, мэдээллийн ажилтан: peter.biro@echofield.eu