Европын Холбооны нэрэмжит, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лигийн “Оны шилдэг шинэ тоглогч” шагналын эзэд тодорлоо
Европын Холбоо “Global Gateway” хөтөлбөрийнхөө хүрээнд МСБХ-тай хамтран, залуусын оролцоо, спортын хөгжлийг дэмжин ажиллалаа. Европын холбооны нэрэмжит, Үндэсний дээд лигийн “Оны шилдэг шинэ тоглогч” шагналын эзнээр “Khan Falcons” багийн тоглогч О.Өсөхбаяр болон “AODE WINX” багийн тоглогч Н.Алтай нар тодорч, шинэ залуу тоглогчдоо манлайлав. Улирлын шилдэг шинэ эрэгтэй тоглогчийг өчигдөр шалгаруулсан бол шилдэг шинэ эмэгтэй тоглогчийг өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд тодруулсан.
30 гаруй жилийн түүхтэй Үндэсний дээд лиг бол Монголд спортыг түгээн дэлгэрүүлэх, залуучууд, хүүхдүүдэд спортоор хичээллэх дур сонирхол төрүүлж, ирээдүйн тамирчдыг төрүүлэх, иргэдийг амьдралын идэвхтэй, эрүүл хэв маягт уриалах өндөр ач холбогдолтой, Монголын сагсан бөмбөгийн дээд түвшний, тамирчин бүрийн тэмүүлдэг тэмцээн билээ.
Европын Холбоо нь “Global Gateway” хөтөлбөр болон “Бид бүтээж чаддаг” кампанит ажлынхаа хүрээнд Монголын залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийг дэмжин ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хүн бүр хөгжин дэвжих боломжтой, хүртээмжтэй, эрүүл нийгэм, тогтвортой хөгжлийг цогцлоох Европын Холбооны өргөн хүрээний бодлогод нийцэж буй.
Улирлын шилдэг шинэ эмэгтэй тоглогчид шагналыг нь гардуулахдаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Монголд сагсан бөмбөг маш чухал үүрэг оролцоотой байна. Хүмүүсийг нэгтгээд зогсохгүй залуус, эмэгтэйчүүдэд өөрийгөө нээж, өсөж хөгжих бодит орон зай бий болгож байна шүү дээ. Европын холбоо “Global Gateway”-ийнхээ хүрээнд дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарын хөгжлийг дэмжихийн зэрэгцээ бүхий л төслөөрөө эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, оролцоог нь ахиулахыг зорьдог. Залуус, эмэгтэйчүүдийг дэмжихийг чухалчилдаг бидний хувьд Эмэгтэй лиг өсөн хөгжиж байгааг харахад нэн таатай байна. Залуу тоглогчдод хэлэх миний зөвлөмж тун энгийн: зоригтой бай, тодорхой зорилго тавиад түүндээ тууштай зүтгэ — амжилтын ихэнх нь аз завшаан бус хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Чи чадна.” хэмээн Эмэгтэй Үндэсний дээд лигийг онцолсон юм.
Улирлын шилдэг шинэ эмэгтэй тоглогчоор шалгарсан Н.Алтай “Эхний жилдээ ийм хүндтэй шагнал хүртсэндээ маш их баярлалаа. Их хичээсний эцэст энэ шагналыг авч байна, цаашдаа ч илүү хичээнэ. Багийнхан, гэр бүл, хайртай хүмүүс минь талбай дээр ч, талбайн гадна маш их итгэж дэмжсэн. Хоёр багшдаа баярлалаа. Багийнхан маань байгаагүй бол энэ шагналыг би авч чадахгүй байсан. Сагсан бөмбөг бол багийн спорт. Тиймээс багийн маань шагнал гэж бодож байна” хэмээн талархлаа илэрхийлэв.
Н.Алтай Эмэгтэй Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 7.8 оноо, 3.2 самбар, 0.5 хаалт, 0.4 бөмбөг таслалт гэсэн статистикаар онцгойрсон юм.
Улирлын шилдэг шинэ эрэгтэй тоглогчоор шалгарсан О.Өсөхбаяр “Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт багш маань амжилтад хүрэхийн тулд зоригтой бай, чи чадна гэдгийг надад маш сайн итгүүлсэн. Тийм болохоор би өөрийгөө дайчилж, өөртөө итгэлтэй байж чадсан. Эмээдээ мөн баярлаж явдаг. Эмээгийнхээ хүчинд би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. Энэ шагналыг авахад тусалсан бүх хүмүүст, багийн хамт олондоо баярлалаа” хэмээсэн байна.
О.Өсөхбаяр улирлын 25 тоглолтод оролцохдоо 11.4 оноо, 6.5 самбар, 0.9 бөмбөг таслалт, 45% довтолгооны гүйцэтгэл гэсэн өндөр статистикийг үзүүлсэн байна.
Улирлын шинэ шилдэг эрэгтэй тоглогчид шагналыг гардуулан өгсөн, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн менежер Арно Априю “Бид Монголд “Global Gateway” хөтөлбөрийн маань нүүр царай болох, шинэхэн маскот Жэригээ өнөөдөр танилцууллаа. “Global Gateway” бол эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, залуусын хөгжил зэрэг олон чиглэлээр дэлхий даяар хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөр маань юм. Европын холбоо залуусын бүтээлч сэтгэлгээ, урам зоригийн хүчид итгэдэг, тиймээс ч бид Үндэсний дээд лигийг дэмжиж байгаадаа туйлын баяртай байгаа. Европын холбоо Монголын голлох түншийн нэг, “гуравдагч хөрш”-ийн хувиар тогтвортой хөгжил, боловсрол, залуучуудыг дэмжихэд тууштай анхаарч байна” гэлээ.
Европын Холбооны энэхүү дэмжлэг нь “Global Gateway” стратегийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй өргөн хүрээний хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг юм. Үүнд сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, тогтвортой ойн аж ахуй, эко бизнес зэрэг салбарууд багтаж буй. Эдгээр хүчин чармайлт нь орон нутагт ажлын байр бий болгож, зайлшгүй шаардлагатай ур чадварыг хөгжүүлж, залуусын ур чадварыг нэмэгдүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангах зорилготой билээ.
Global Gateway-ийн тухай
Global Gateway нь Европын холбооноос дэлхий даяар хэрэгжүүлдэг, тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санаачилга юм. Энэхүү санаачилга нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, залуучуудыг ур чадваржуулах зэрэг дэлхий нийтийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.
Европын Холбооны тухай
Европын Холбоо нь Европын 27 улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл билээ. Эдгээр улс хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрх, түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үнэт зүйлсэд нэгдэн Европын холбоог байгуулсан түүхтэй. Эдүгээ Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.