Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааны Хамтарсан хорооны уулзалт Брюссель хотноо болов
Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Брюссель хотноо зохион байгуулав. Уулзалтаар ардчилал, хүний эрх, хуульт ёс, НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хүндэтгэдэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлээ Монгол Улс, Европын Холбоо дахин нотлов.
Монгол Улс гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжихээ Европын Холбоо нотолж, олон талт хамтын ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг сайшаав.
Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онд хэрэгжүүлж буй “Хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр” болон Европын Холбооны “Дэлхийд гарах гарц хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэл болох тогтвортой ногоон хөгжлийг хөхиүлэн дэмжих асуудлаар Монгол Улс, Европын Холбоо нийтлэг зорилготой. Дэлхийд гарах гарц хөтөлбөрийн чухал зорилт болох Ойн түншлэлийн хэлэлцээрт 2022 оны 11 дүгээр сард болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд түвшний уулзалтын үеэр гарын үсэг зурсан 5 улсын нэг нь Монгол Улс юм. Хоёр тал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтыг бүрэн хангахад үр дүнтэй хамтран ажиллахаар тохиров.
Эдийн засаг, гадаад худалдааны бүтцээ тогтвортой төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, худалдааны бодлого, үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын хүчин чармайлтад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ Европын Холбоо нотлов. Газарзүйн заалтыг хамгаалах тухай хэлэлцээрийн төслөөр 2022 онд эхлүүлсэн яриа хэлэлцээг эцэслэх эрмэлзлээ Монгол Улс, Европын Холбоо илэрхийлэв.
Хоёр талын хамтын ажиллагааг аюулгүй байдлыг хангах тухайлбал, энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд өргөжүүлэх боломжийг судлахаар болов.
Бүс нутаг болон Олон улсад тулгамдсан зарим асуудлаар талууд санал солилцов. Хоёр тал Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлж, НҮБ-ын дүрмийн зарчмуудын дагуу Украин улсад иж бүрэн, эрх зүйт, энх тайвныг тууштай цогцлоох шаардлагатай гэдгийг тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ES-11/1, ES-11/2, ES-11/3, ES-11/4, ES-11/5 ба ES-11/6 тогтоолуудаар баримталсан байр сууриа Европын Холбоо дахин нотолж, энэ нь НҮБ-ын Дүрэм болон Олон улсын эрх зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж байгааг онцлов. Талууд НҮБ-ын Дүрэм болон тусгаар тогтнол, бие даасан байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг Олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүрэг амлалтаа дахин нотлов. Энэ нь энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Олон улсын эрхзүй, олон талт хамтын ажиллагааны тогтолцоог хүндэтгэхэд нэн чухал юм.
Хүний эрхийг дэмжих, хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ талууд илэрхийлэв. Энэ хүрээнд Монгол Улс, Европын Холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит яриа хэлэлцээг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, Европын Холбоо болон Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийн чиглэлээрх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай өрнүүлж буй хамтын ажиллагаа, бизнес болон хүний эрхийг хангах чиглэлээр бодлого үйл ажиллагаа, Монгол Улсын эрхзүйн шинэчлэлийн явц, Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцов.
Хамтарсан хорооны дэргэдэх Хөгжлийн хамтын ажиллагааны ажлын хэсгийн хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан бөгөөд хуралдаанаар 2021-2027 оны Хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр, Дэлхийд гарах гарц хөтөлбөрийн хүрээнд өрнүүлсэн хамтын ажиллагааны дорвитой ахицыг сайшааж, цаашдын боломж, тулгарах эрсдэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Европын Холбооны Дэлхийд гарах гарц хөтөлбөр, Европын Холбооны гишүүн орнуудын Европын баг санаачилга, Европын хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ногоон шилжилт, цахимжуулалтын салбар дахь хамтын ажиллагаагаа Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан бэхжүүлэхээр талууд тохиров.
Талууд Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо 2024 онд зохион байгуулахаар тогтов.
Хамтарсан хорооны хуралдааныг Европын Холбооны талаас Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал ноён Гуннар Виганд, харин Монгол Улсын талаас Монгол Улсын Шадар сайд ноён С.Амарсайхан нар даргалав.