Европын холбоо, Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн төлөөх түншлэлээ бэхжүүлэв

Европын холбоо Монгол Улсын Засгийн газартай хамтран тогтвортой ногоон хөгжлийн төлөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөнийг зохион байгуулав. Энэхүү зөвлөгөөнөөр боловсруулсан үйл ажиллагааг  14 сая еврогийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Аксель Никэйз энэхүү зөвлөгөөнөөс гарах үйл ажиллагааны цар хүрээ түүний үр дүнд ‘түншлэл – хариуцлагатай хэрэгжүүлэлт – үр нөлөө’  нь чухал тухай онцолж байлаа. Мөн тэрээр зөвлөгөөнийг нээж “Европын холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг. Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагааг бий болгохыг хүсэж байна. Бид хойч үедээ шинэ, илүү тогтвортой ногоон ирээдүйг үлдээх учиртай." хэмээн хэлэв.

Европын Холбоо, Монгол Улсын “Хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр  (2021-2027)” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050" болон “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-д хүрэхэд Европын Холбооноос хувь нэмрээ оруулах стратегийн түншлэлийн баримт бичиг билээ. Энэхүү хөтөлбөрийн эхний тэргүүлэх чиглэл болох - Тогтвортой Ногоон Хөгжил –ийн хүрээнд Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын (МСҮТ) салбарт ойролцоогоор 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл зөвлөгөөн юм.

Дээд түвшний зөвлөгөөний үеэр “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хариуцан ажиллаж буй Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, хамаарал бүхий яамдын Сайд, Дэд сайд нар салбарын болон салбар дамнасан алсын хараа, стратегийн зорилтын талаар танилцуулж санал бодлоо хуваалцан, үндсэн илтгэл тавьж биечлэн оролцлоо. Үүний дараагаар техникийн зөвлөгөөнөөр холбогдох яам/агентлагийн гол төлөөлөл, Засгийн газрын оролцогч тал, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөж Европын Холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг алсын хараа, зорилтод уялдуулан тодорхойлох хэлэлцүүлэх өрнөсөн юм.

Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай нийцсэн, хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  бүх талын оролцоог хангасан зөвлөгөөн зохион байгуулах нь чухал ач холбогдолтой байлаа.

Европын Холбооны хувьд Монгол Улс бол хамгийн үнэ цэн бүхий түншийн нэг юм. Анх 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихэд Европын Холбоо Монгол Улстай нягт хамтран ажиллаж иржээ. Төлөөлөгчийн газрыг анх 2017 онд Улаанбаатар хотноо байгуулснаас хойш түншлэл улам бүр гүнзгийрч, олон талт болон өргөжсөн байна. “Хамтын ажиллагааны дунд хугацааны (2021-2027) хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэл нь:

  1. тогтвортой ногоон хөгжил,
  2. ардчилал болон эдийн засгийн хөгжил юм.