Европын Холбоо “Итгэл найдвар, Боломж” Улаанбаатар 2025 бүх нийтийн марафонд оролцож, залуусын оролцоо, эрүүл мэнд, хүртээмжтэй нийгмийг дэмжлээ

Европын Холбоо “Global Gateway” санаачилгынхаа хүрээнд Монголын хамгийн том хүртээмжтэй спортын арга хэмжээ болох “Итгэл найдвар, Боломж” Улаанбаатар 2025 бүх нийтийн марафонд хамтран оролцож, залуусын оролцоо, хүртээмжтэй байдал, олон нийтийн эрүүл мэндийг дэмжлээ.

Achilles International Mongolia байгууллагаас санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан тус марафонд залуучууд, тамирчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн гишүүд, дэмжигчид зэрэг 3,000 орчим иргэд идэвхтэй оролцсон ба энэ жил ИтгэлТүгээе, НайдварБэлэглэе, БоломжооАшиглая, #FutureIsYours уриан дор нэгдэн гүйлээ.

Монгол Улсад ойролцоогоор 112,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь нийгмийн хэвийн амьдралд оролцохдоо ямар нэгэн саад бэрхшээлтэй тулгардаг. “Итгэл найдвар, Боломж” марафон нь эдгээр саадыг арилгах хүчирхэг платформ болж, хөгжлийн бэрхшээл нь амжилтад хүрэхэд саад болдоггүй, спорт нь итгэл найдвар, эрүүл мэнд, урам зоригийг сэргээдэг гэдгийг харууллаа.

Европын Холбоо нь “Global Gateway” санаачилга болон “Ирээдүй чинийх” үндэсний кампанит ажлынхаа хүрээнд Монголын залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийтийн эрүүл мэндийг дэмжин ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь хүн бүр хөгжин дэвших боломжтой, хүртээмжтэй, тэсвэртэй, эрүүл нийгмийг цогцлоох Европын Холбооны өргөн хүрээний бодлоготой нийцэж байгаа юм. 

2015 оноос эхэлсэн энэхүү марафон жил бүрийн есдүгээр сард уламжлал болон зохион байгуулагдаж, өнөөдөр улс орон даяар эв нэгдэл, оролцоог хангасан хөдөлгөөн болон өргөжсөн байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 20,000 гаруй оролцогч, 1,500 сайн дурынхан, 250 хамтрагч, ивээн тэтгэгч оролцсон бөгөөд цар тахлын жилүүдэд ч цахимаар зохион байгуулагдаж, нийгэмд үзүүлэх ач холбогдлоо хадгалсан юм.

2025 оны арга хэмжээнд зургаан төрөл багтсан бөгөөд 42 км бүтэн марафон, 21 км хагас марафон, 10 км гүйлт, 5 км гүйлт, 1.5 км “Бид хамтдаа” гүйлт (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл, найз нөхөд хамтдаа оролцох боломжтой), мөн 21 км гар дугуйн уралдаан тус тус оржээ. 

Эдгээр гүйлтийн төрөл нь оролцогчдын чадвараас үл хамааран өөрийгөө сорих, бусдыг урамшуулах, эрүүл амьдралыг түгээх боломжийг олгосон юм.

Тус арга хэмжээний үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ина Марчюлёните хэлэхдээ:

“‘Итгэл найдвар, Боломж’ марафон бол зүгээр нэг гүйлтийн тэмцээн биш. Энэ бол хувь хүний эр зориг, тэгш байдал, хамтын нэгдлийн баяр юм. Европын Холбоо Монголын залуучууд болон бүхий л түвшний чадавхитай иргэдийн хамтаар ‘Ирээдүй бол чиний гарт’ гэдгийг нотлон харуулж, хамтдаа зогсож чадлаа. Хүртээмжтэй спортыг дэмжсэнээр бид эрүүл, хүчирхэг, эв нэгдэлтэй нийгэмд хөрөнгө оруулж байгаа юм” хэмээн онцлон тэмдэглэв.

“Ахиллис Интернэшнл Монгол” байгууллагын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн хатагтай О.Саранчулуун хэлэхдээ:

“ ‘Итгэл найдвар, Боломж’ марафоныг Монголд анх нэвтрүүлэх үед бидний зорилго бол бүхий л төрлийн чадавхитай иргэдийг өөрсдийгөө болон бусдыгаа сорих тэдэнд урам зориг өгөх явдал байсан. Өнөөдөр мянга мянган гүйгч мөр зэрэгцэн нэгдэж буй нь энэхүү хамтын оролцооны сэтгэлгээ Монголын ирээдүйн нэг хэсэг болсныг харуулж байна. Манай залуус энэхүү уламжлалыг үргэлжлүүлж байгаад бахархаж байна. Мөн Европын Холбоо зэрэг олон улсын түншүүдийн дэмжлэгт гүнээ талархаж байна” хэмээн тус арга хэмжээг онцлосон юм. 

Европын Холбооны дэмжлэг нь зөвхөн спортод бус, Global Gateway стратегийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй өргөн хүрээний хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм. Үүнд сэргээгдэх эрчим хүч, ногоон хотын дэд бүтэц, тогтвортой ойн аж ахуй, эко бизнес зэрэг салбарууд багтдаг. Эдгээр хүчин чармайлт нь орон нутагт ажлын байр бий болгож, зайлшгүй шаардлагатай ур чадварыг хөгжүүлж, залуусын чадавхыг нэмэгдүүлснээр тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байна. Эдгээр санаачилгуудаар дамжуулан Европын Холбоо хүртээмжтэй, ногоон, тэсвэртэй Монголын ирээдүйн хөгжилийн төлөө хөрөнгө оруулж байна.

Global Gateway-ын тухай

Global Gateway нь хүн, байгальд ээлтэй тогтвортой, найдвартай харилцаа холбоог эрхэмлэдэг. Энэхүү санаачилга нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг дэлхий нийтийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

Европын Холбооны тухай

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.