Монгол Улс, Европын Холбооны Хамтын Ажиллагааны Хамтарсан Хорооны 24 дүгээр Хуралдааны Хамтарсан Хэвлэлийн Мэдээ
Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны ээлжит хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Брюссель хотноо зохион байгуулав. Уулзалтаар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, олон талт хамтын ажиллагаа, НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хүндэтгэдэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлээ Монгол Улс, Европын Холбоо дахин нотлов.
Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг үргэлжлүүлэн дэмжихээ Европын Холбоо нотолж, олон талт хамтын ажиллагааны төлөөх Монгол Улсын тууштай үүрэг, хувь нэмрийг сайшаав. Талууд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын чухлыг Монгол Улс, Европын Холбоо онцолж, үүнд гүйцэтгэж буй Монгол Улсын чухал үүрэг оролцоонд Европын Холбоо талархал илэрхийлэв.
Mongolia-EU 24th Joint Committee Meeting
Талууд цөлжилт, хөрсний доройтол, ган гачиг зэрэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаагаа нотлов. Энэ хүрээнд Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулахаар болсныг Европын Холбоо сайшааж, бодит үр дүн гаргахын төлөө Монгол Улстай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Эдийн засаг, гадаад худалдааны бодлогоо тогтвортой төрөлжүүлэхэд Монгол Улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ Европын Холбоо нотлов. Тогтвортой, таамаглахуйц, найдвартай бизнесийн орчин нь эдийн засгийн харилцаанд оролцогч бүх талуудад чухал ашиг тустай. Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээрх Монгол Улсын хүч чармайлтыг сайшааж, цаашид үргэлжлүүлэн зоримог арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байгаагаа Европын Холбоо илэрхийлэв. Талууд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд тогтвортой хөгжил болон сайн засаглалыг дэмжих тусгай хөтөлбөр болох Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийг илүү өргөн хүрээнд ашиглахын чухлыг онцлов.
Монгол Улс болон Европын Холбоо Олон улсын авто тээврлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)-т Монгол Улсын нэгдэн орох асуудлын явцын талаар санал солилцож, 6 дугаар сарын 8-ны өдөр НҮБ-ын Европын Эдийн засгийн комисс (UNECE)-ын холбогдох Шинжээчдийн бүлгийн хурлаар AETR-ын гишүүн орнууд Монгол Улсын нэгдэн орох асуудлыг санал нэгтгэйгээр дэмжсэн шийдвэрийг талархан хүлээн авч, сайшаав. Мөн талууд 2026 оны 10 дугаар сард болох НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссын Автозамын тээврийн асуудал эрхэлсэн Ажлын хэсэг (WP.SC.1)-ийн хурлын үеэр нэгдэн орох үйл явцын дараагийн шатыг үргэлжлүүлэн хэлэлцэж, ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Газарзүйн заалтын тухай хэлэлцээрийн төслийн ярианы хэлэлцээнд 2026 онд ахиц гаргаж, эцэслэх эрмэлзлээ Монгол Улс, Европын Холбоо илэрхийлэв.
Монгол Улс болон Европын Холбоо боловсрол, сургалт, судалгааны салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж, ялангуяа иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргэжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй Эрасмус+ болон Мари Склодовска-Кюригийн хөтөлбөр (MSCA)-ийн хүрээнд хамтын ажиллагаа бэхжиж байгааг сайшаав. Талууд нийтлэг ур чадварыг хөгжүүлэх, инновацийг дэмжих, тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн академик солилцоо, дээд боловсролын байгууллагуудын түншлэл, судлаачдын солилцоог цаашид үргэлжлүүлэн дэмжихийн ач холбогдлыг онцлов.
Монгол Улс болон Европын Холбоо бүс нутгийн болон дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудын талаар ярилцав. Украинд өрнөж буй дайн нь ард иргэдэд зовлон шаналал учруулж, дэлхий дахинд сөрөг үр дагавар дагуулсаар байгаад санаа зовниж байгаагаа Монгол Улс, Европын Холбоо илэрхийлэв. Монгол Улс, Европын Холбоо нэн даруй гал зогсоож, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дагуу энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг хамгаалахыг уриалав. Европын Холбоо НҮБ-ын Дүрэм болон аливаа улсын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчимд нийцсэн, иж бүрэн, шударга бөгөөд тогтвортой энх тайвныг Украинд цогцлоох хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Талууд НҮБ-ын Дүрэм болон аливаа улсын улс төрийн бие даасан байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүрэг амлалтаа дахин нотлов. Энэ нь энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад олон улсын эрхзүй, олон талт хамтын ажиллагааны тогтолцооныг хүндэтгэхэд нэн чухал юм.
Хүний эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа талууд илэрхийлэв. Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хүний эрхийн ээлжит яриа хэлэлцээг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, хоёр талын хүний эрхтэй холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцов.
Улаанбаатар хотноо 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болсон Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хуралдааны дүнд Монгол Улс, Европын Холбоо тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудад стратегийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчний салбарт болон Монгол Улсын тэргүүлэх зорилтууд, Европын Холбооны "Дэлхийд гарах гарц" стратегитай уялдуулан байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах зохистой тэнцвэрийг хангахад чиглэсэн ойн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв.
Талууд Хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг ойрын саруудад зохион байгуулахаар болов.
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны дараагийн хуралдааныг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров.
Хамтарсан хорооны хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын орлогч захирал Доминик Портер нар даргалав.