Монгол Улс: Хүний эрх болон ардчиллын нөхцөл байдлын тойм
1. Хүний эрх болон ардчиллын нөхцөл байдлын тойм: Монгол Улс өнгөрсөн гучин жилийн хугацаанд ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд энэ чиглэлээр бусад түнш улсуудтай хамтран ажиллаж ирсэн туршлагатай билээ. Хэдий тийм боловч холбогдох хуулиудыг хэрэгжүүлэх явцад хүндрэлүүд тулгарч ирсэн байна. Тайлант хугацаанд шүүхийн шинэчлэл нэн чухал асуудал байсаар ирсэн бөгөөд институтын хүчин чадал сул хэвээр байгаа боловч хэм хэмжээ, байгууллагын хөгжлийн чиглэлээр эерэг үр дүнгүүд гарсаар байна. 2022 оны 12 дугаар сард болсон олон нийтийн эсэргүүцэл тэмцэл засаглалыг сайжруулах чиглэлээр олон нийтийн хүсэл сонирхол өндөр хэвээр байгааг, өргөн хэмжээнд тархсан авлигатай тэмцэх эрмэлзэл хүчтэй байгааг харуулсан юм. Эрүүгийн Хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтүүд орсон хэдий ч авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй бөгөөд энэ чиглэлээр хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагаануудыг олон нийт улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдсөн гэж үзэж байна.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэ төслийг 2022 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн нь маргаан дагуулж улмаар иргэний нийгмийн төлөөллүүдийн зүгээс санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа цааш хэлэлцүүлэлгүй буцаан татсан билээ. 2022 онд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссар томилогдсон. Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэл, жендерийн тэгш бус байдал оршсоор байгаагийн эсрэг арга хэмжээ авахаар тус улсын эрх бүхий байгууллагууд эрмэлзэн ажиллаж байна.
Хөдөлмөрийн болон бэлгийн дарамтын эсрэг хууль 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Шинэ Хөдөлмөрийн тухай хуульд ялгарварлан гадуурхахын эсрэг зохицуулалтаас гадна ажлын байрны дарамтын эсрэг заалтыг оруулж өгсөн байна. Хэдий тийм боловч бэлгийн дарамтын талаар мэдээлэл хомс байгаа, энэ чиглэлээр авсан мөрдөн байцаах, прокурорын арга хэмжээний тоо цөөн байгаа нь санаа зовоосон асуудал хэвээр байгаа юм. Монгол Улс 2022 онд Дэлхийн Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний индексээр 20 орчим байр ухарсан (2021 онд 68-д бичигдэж байсан бол 2022 онд 180 улсаас 90-д бичигдсэн) байна.
2. ЕХ-ны арга хэмжээ – гол анхаарах чиглэлүүд: Хувь хүмүүсийг хамгаалах, дэмжих чиглэлээр 2022 онд авсан арга хэмжээнүүд нь голлон жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх (гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үүнд орно), хүүхдийн эрх, ялгаварлан гадуурхалтай хийх тэмцэл, хуулийн засаглал гэсэн чиглэлүүдээр хийгдсэн байна. Эдгээр арга хэмжээнүүд нь олон янзын хэлбэрээр явагдсан (төслийн ажил, хурал зөвлөгөөнд оролцох, нийгмийн сүлжээнд өрнүүлсэн арга хэмжээнүүд) болно.
Тайлант хугацаанд ЕХ-ны Төсвийн Дэмжлэгийн Хөтөлбөр (Үндсэн зорилт: 1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 2. Төрийн санхүүгийн ил тод байдлыг сайжруулах) нь үр дүнтэй, хариуцлагатай, оролцоог хангасан институтууд байгуулах үйл ажиллагааны суурийг тавьж өгсөн байна. Үүнээс гадна Монгол Улсын хууль тогтоомжийг олон улсын хөдөлмөрийн стандарттай нийцүүлэх зорилго бүхий техникийн туслалцаа үзүүлсэн болно.
Хүний эрх, ардчиллын глобал системийг дэмжих зорилгын дагуу Европын Холбооны зүгээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-тэй хүч нийлүүлэн 2022 онд бизнес, хүний эрхийн чиглэлээр хамтарсан санаачлага хэрэгжүүлсэн. ЕХ нь мөн иргэний нийгмийг дэмжих (залуу хүмүүсийг дэмжих, эмэгтэйчүүдийг олон нийтийн түвшинд шийдвэр гаргах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжих) чиглэлээр хэд хэдэн төслүүдийг дэмжин хэрэгжүүлсэн билээ.
3. ЕХ-ны хоёр талын улс төрийн харилцаа: Хүний эрхийн холбогдолтой сэдвүүдээр ЕХ болон Монгол Улс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод болсон Хүний Эрхийн Яриа Хэлэлцээрийн үеэр албан ёсоор ярилцсан байна. Үүнд цаазаар авах ялыг бүрмөсөн халах (Эрүүгийн хуулиас хасагдсан боловч Үндсэн Хуульд дурдагдсан хэвээр байгаа), мөн хүүхдийн хөдөлмөр (морин уралдаанд унаач хүүхдүүдийг уралдуулахыг хориглох хэрэгтэй)-ийн талаар онцгойлон анхаарч ярилцсан болно. Хүний Эрхийн Яриа Хэлэлцээрийн дараа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ЕХ-Монголын Хамтарсан Комиссын дөрөв дэх Уулзалт болсон ба 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Арилжааны дэд комиссын хуралдаанаар хүний эрхийн асуудлуудыг (GSP+ талаас) авч үзэн ярилцсан байна.
4. ЕХ-ны санхүүгийн харилцаа: 2022 онд ЕХ-ны зүгээс Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих/ТМСҮТ-ийг шинэчлэх, төрийн албаны санхүүгийн ил тод байдлыг сайжруулах салбарын төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. 2022 оны 12 дугаар сард 6.5 сая еврогийн багцыг олгосон байна. ЕХ-ны дэмжлэгтэй, төсвийн ил тод байдал, хяналтыг хангах, уул уурхайн бус салбарт залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан ажлын байр бий болгох, мөн олон улсын хөдөлмөрийн стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн НҮБХХ, НҮБХААБ, ОУХөБ, НҮБАҮХБ-тай хамтарсан техникийн туслалцааны төсөл үргэлжлэн хэрэгжив. 2022 онд ЕХ гишүүн улсууд болон бусад түншүүдтэй хамтран хэд хэдэн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар хүний эрх, ардчиллыг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэв. Энэ хүрээнд олон улсын хүний эрхийн конвенцуудыг батлах, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг тэмцэх, шүүхийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэх боломжийн талаар оролцогч талуудтай яриа хэлэлцээр хийх, бизнесийн болон хүний эрх, иргэний нийгмийг бэхжүүлэх замаар хүний эрхийн бүрэн магадлагаа хийх зэрэг чиглэлээр засгийн газруудад дэмжлэг үзүүлэхэд голлон анхаарсан болно.
5. Олон талт харилцааны хүрээнд: 2022 оны 10 дугаар сард НҮБ-ийн албадан хорих арга хэмжээний ажлын хэсэг Монгол Улсад айлчилсан бөгөөд тус ажлын хэсгийн анхан шатны судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсын шүүх систем үсрэнгүй хөгжсөн байна. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэргүй баривчлах үйл ажиллагаа онцгой тохиолдол гэхээс илүү ердийн зүйл хэвээр байсаар байгааг, хүмүүсийг цагдаа нар өмгөөлөгчгүйгээр хорьж, байцаах явдал элбэг тохиолддог болохыг мөн тогтоожээ. Хууль хэрэгжүүлэх ажиллагаа хангалтгүй бөгөөд гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Шүүх байгууллага хүний нөөцийн хомсдолтой, шийдвэрлэх хэргийн тоо үлэмж их байна. Энэ айлчлалын талаарх эцсийн тайланг 2023 оны 9 дүгээр сард Хүний Эрхийн Комисст танилцуулах болно.
Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах Хороо (ЭЯГБХУХ) болон Эдийн Засаг, Нийгэм, Соёлын Эрхийн Тухай Олон Улсын Пакт (ЭЗНСЭТОУП) 2022 онд Монгол Улсад хийсэн ажиглалтын талаар тайлан гаргасан. ЭЯГБХУХ-ын ажигласнаар өнгөрсөн таван жилийн хугацаанд Эрүүгийн Хуулийн дагуу эмэгтэйчүүд, охидуудыг ялгаварлан гадуурхсан хэргийг шүүн тасласан тоо бага байгаа нь ялгаварлан гадуурхах үйлдлийг хэт нарийн тодорхойлж, нотолгоо гаргаж өгөх нөхцлийг хэт хүнд тогтоосонтой холбоотой байж болох юм. Тус Хорооны зүгээс Монгол Улс эмэгтэйчүүд, охидуудыг олон нийтийн болон хувийн газарт бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглох үүднээс ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлэхийг уриалсан байна. Мөн, гэр бүл болон нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаарх аливаа ялгавартай ойлголтыг арилгах цогц стратегийг хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. ЭЗНСЭТОУП-ийн зүгээс КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (2020), Агаар, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хөтөлбөр (2017) зэрэг Монгол Улсад эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн хууль эрх зүй, институт болон бодлогын арга хэмжээнүүдийг сайшаан хүлээн авсан бөгөөд тус Пактын зүгээс гаргасан зөвлөмжүүд нь эрх бүхий байгууллагууд болон олон нийтийн дунд тус пактын талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаад анхаарахад ерөнхийд нь чиглэсэн байна.