УЛААНБААТАР ХОТ “ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙГ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНК, ЕВРОПЫН ХОЛБООНЫ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭВ
Нийслэл хотод хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлж, барилга байгууламж хурдацтай баригдаж байгаагийн улмаас Улаанбаатар хотод үүсэж байгаа хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах байдалд сөргөөр нөлөөлж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэх гол нөхцөл болоод байна.
Төслийн хүрээнд Хан-уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Морингийн давааны хогийн цэгт Эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадал бүхий ландфил, жилд 170 мянган тонн барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж дууслаа. Мөн тус төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нээлтийн үеэр “Энэхүү төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн ачааллыг багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, тогтвортой ажлын байр бий болгох нөхцөл бүрдэж байна” гэв.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес А.Такач “Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо болон Өмнөд Солонгос улс, Япон улсын засгийн газруудын дэмжлэгтэйгээр эхэлсэн энэхүү дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж дууссанаар Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая гаруй иргэдэд байгаль орчин, эрүүл ахуйн олон үр өгөөжийг авч ирж байна. Монгол улсын үндэсний болон Европын холбооны байгаль орчны удирдамжийн дагуу баригдсан энэхүү байгууламж нь хотын хатуу хог хаягдлыг 10 жилийн турш байгаль орчин, эрүүл ахуйд аюул учруулахгүйгээр газарт булах боломжийг бүрдүүлж байна“ гэв.
Нээлтийн үеээр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Өнөөдөр бид Улаанбаатар хотод олон талын ач холбогдолтой шинэ байгууламжийн нээлтийг хийж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ байгууламж болон түүнийг дагасан дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон нь хотын хог хаягдлын менежментийн чадавх, дэд бүтцийн хувьд томоохон алхам болж байна. Ингэснээр Улаанбаатар хотын иргэд маань хог хаягдлыг илүү үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар боловсруулах байгууламжтай болж байна” хэмээн онцоллоо.