Шүүх Эрх Мэдлийн Байгууллагын Хамтын Ажиллагаа ба Ил Тод Байдлыг Бэхжүүлэх Төслийн Хаалт Боллоо
Улаанбаатар - Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, сургамж болон цаашдын тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
2024-2026 онд хэрэгжсэн тус төсөл нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, Оюуны инноваци ТББ зэрэг гол түншүүдтэй хамтран шүүхийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар шүүхийн ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн юм.
JET Project
Төслийн хүрээнд хамтын ажиллагааны стратеги боловсруулах, эрх зүйн хөтчийн үйлчилгээг шүүхэд нэвтрүүлэх, ИНБ, шүүх, сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх, мөн ХБНГУ болон Бельгийн Хаант Улсад туршлага судлах айлчлал хийх зэрэг олон талт үйл ажиллагааг ажилттай хэрэгжүүллээ.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эдгээр үйл ажиллагааны үр дүнд шүүхийн ил тод байдал, олон нийтийн оролцоо, талуудын хамтын ажиллагааны чиглэлээр ахиц гарч байгааг судалгааны үр дүн харуулж байна. Тухайлбал, “Монгол Улсын шүүхийн индекс”-ийн 2025 оны судалгаагаар шүүхийн индекс 51.94-өөс 57.33 болж өссөн бөгөөд “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл” үзүүлэлт 48.4-өөс 55.7 хувь болж хамгийн өндөр өсөлттэй гарсан байна.
JET Project
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гол үр дүнгээс дурдвал:
-
Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн академитай 100 гаруй ерөнхий шүүгч, шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнийг “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сургалтад хамруулж, ХБНГУ-ын сайн туршлагад суурилсан “Шүүгч-Хэвлэлийн төлөөлөгч” загварыг Монгол Улсад анх удаа танилцууллаа. Сургалтын хөтөлбөр нь Шүүхийн академийн Сургалтын хороогоор магадлан итгэмжлэгдсэн.
-
Шүүхийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан нийт 8 удаагийн “Сэтгүүлчдийн уулзалт”-ыг шүүхийн ил тод байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр зохион байгуулж, нийт 277 оролцогчийг хамруулжээ. Эдгээр уулзалтууд нь талуудын харилцан ойлголцлыг бэхжүүлж, тогтвортой хамтын ажиллагааны шинэ талбар болсон талаар оролцогчид онцолсон байна.
-
ИНБ болон хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 59 төлөөлөгчийг чадавхжуулах сургалтад хамруулсны үр дүнд ИНБ-ын төлөөлөгчдийн эрх зүйн мэдлэг 47 хувиар, сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг 30 хувиар тус тус нэмэгдсэн байна.
-
Шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор дөрвөн шүүхэд хэрэгжүүлсэн “Эрх зүйн хөтөч” үйлчилгээний туршилтын хөтөлбөрөөр дамжуулан 30 эрх зүйн хөтөч нийт 6,462 иргэнд мэдээлэл, зөвлөгөө, чиглүүлэг хүргэсэн. Туршилтын үр дүнд бий болсон нотолгоо, сургамжид үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эрх зүйн хөтчийн үйлчилгээг шүүхийн тогтолцоонд тогтвортой нэвтрүүлэх боломжийг судалж эхэлж байна.
JET Project
Төслийн хүрээнд шүүхийн харилцаа холбоо, шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой хүргэх, эрх зүйн хөтчийн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн гарын авлага, стратеги, удирдамжийг боловсруулаа. Эдгээр материалыг цаашид шүүгчид, шүүхийн ажилтнууд, сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагууд сургалт, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.
Хаалтын үеэр төслийн Удирдах зөвлөлийг хамтран даргалагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Төслийн хүрээнд шүүхийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, шүүх, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг бодитойгоор өргөжүүлэн ажиллалаа. Мөн цаашид шүүхийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй болгох, шүүхийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд илүү ойлгомжтой хүргэх ажлын үндэс суурийг тавьж чадлаа” хэмээн онцлон тэмдэглэлээ.
JET Project
Төслийн Удирдах зөвлөлийг хамтран даргалагч, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Энэхүү төсөл нь шүүхийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг зорилгын төлөө хамтран ажиллахад ямар үр дүнд хүрч болохыг харууллаа. Бид 2024 онд тус төслийг эхлүүлэхдээ олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шүүх салбарын талаарх мэдээллийг илүү өргөн хүрээнд түгээх, шүүхийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах тухай ярьж байсан. Харин өнөөдөр энэ ажлууд бодит үр дүнд хүрснийг харахад таатай байна. Европын Холбоо энэхүү үйл ажиллагааг дэмжсэндээ бахархаж байна.” хэмээн онцоллоо.
ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Тус төсөл нь Монгол Улсын шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрч чадсанд бид баяртай байна. Энэхүү үр дүнд шүүхийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэсэн.” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, хууль дээдлэх ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.
ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу. https://www.idlo.int/where-we-work/asia/mongolia
JET Project