2022 оны 4-р сарын 13-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үер ЕХ-ны Элчин сайдын хэлсэн үг
Украинд явуулж буй цэргийн түрэмгийллийг Европын Холбоо эрс эсэргүүцэж байна
Украинд явуулж буй Оросын цэргийн түрэмгийллийг Европын Холбоо эрс шийдвэртэй эсэргүүцэн, буруушааж байна.
Украин, тус улсын ард иргэдийн эсрэг үйлдэж буй цэргийн түрэмгийллийнхээ төлөө Орос Улс бүрэн хариуцлага үүрэх болно. Оросын зэвсэгт хүчин нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомж зэргийг зөрчиж, Украинд дайны гэмт хэрэг үйлдэж буйг Европын хамтын нийгэмлэг буруушааж байна.
Хориг арга хэмжээ
ЕХ-ны бүх гишүүн улс орнууд Украиныг дэмжсэн нэгдмэл байр суурьтай хэвээр төдийгүй тус Холбооны түүхэнд байгаагүй хатуу хориг арга хэмжээг ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн авах болно. Эдгээр багц хориг арга хэмжээнүүд тодорхой салбарт төдийгүй хувь хүнд чиглэсэн байх болно.
АНУ, Их Британи, Канад, Норвеги, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг холбоотон ба түнш улс орнуудтай нягт уялдуулан зохицуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй улс орны зүгээс бидний хориг арга хэмжээнд бүрэн ба хэсэгчлэн байдлаар нэгдээд байна.
Багц хоригууд түрэмгийлэгч талд асар ихээхэн хохирол учруулж байгаагийн зэрэгцээ Холбооны гишүүн улсууд, түнш орнуудад багагүй өртөгтэй тусч байна.
Европын Холбоо эдийн засгийн багц болон хувь хүнд чиглэсэн багц хориг арга хэмжээнүүдийг цаашид авч хэрэгжүүлэхэд бэлэн байна. эдгээр нь ямар ч арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй.
Украинд үзүүлэх туслалцаа
ЕХ-ны гишүүн улсууд Украинд цэрэг зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн туслах болно.
Хүмүүнлэгийн туслалцаа
2014 онд Орос Улсын эзлэн түрэмгийлэл эхэлсэнээс хойш Украинд олгосон тусламж дэмжлэгийн нийт хэмжээ 17 тэрбум евро болж байна.
3 дугаар сарын 1-ний өдөр Европын комиссын Ерөнхийлөгч Фон Дер Лайен дайны хөлд шууд нэрвэгдсэн дүрвэгсдэд нэмэлт 500 сая еврогийн туслалцаа үзүүлэхээ зарласан.
Энхийг сахиулах арга хэмжээ
2 дугаар сарын 27-ны өдөр Холбооны бүх гишүүн улс орнууд Украины зэвсэгт хүчнийг зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмжөөр хангахаар тохиролцсон. Улмаар Европын энхийг сахиулах хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 500 сая еврогийн тусламж үзүүллээ. Үүнээс 450 сая евро нь хөнөөлт зэр зэвсэгт харин 50 сая еврог бусад төрлийн туслалцаанд олгов.
Стратегийн луужин буюу цогц төлөвлөгөө
Украинд болж буй дайн хүчтэй нь илүүрхдэг дэлхий ертөнцөд амьдарч байгааг тод томруунаар харууллаа. Энэ дайн эхлэхээс ч өмнө ийм хандлага ажиглагдаж байсан бөгөөд одоо харим улам хүчээ авч байна. Иймд Европын Холбоо аюулгүй байдал, батлан хамгаалахын салбараа илүү хүчтэй, чадамжтай болгосноор дэлхий нийтийн болон трансатлантын аюулгүй тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулах болно.
Цаашдаа Европын Холбоо илүү хүчирхэг, илүү чадамжтай болгох зорилго бүхий стратегийн үйл ажиллагааны чиглэл болох the Strategic Compass буюу “Стратегийн луужин”-г ийнхүү санал нэгтээ баталсан юм.
Энэ бол дараагийн 10 жилийн хугацаанд ЕХ-ны аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь ерөнхий дүр зураг, зорилтуудыг тодорхойлох юм. Үүнд:
- Хямрал дэгдсэн үед илүү шийдэмгий, илүү хурдтай ажиллах;
- Хурдан өөрчлөгдөж буй аюул заналаас иргэдийг хамгаалах;
- Шаардлагатай чадамж ба технологид хөрөнгө оруулах;
- Нийтлэг зорилтуудад хүрэхийн тулд бусад түншүүдтэй хамтран ажиллах.