Монгол Улс Европын Холбооны хооронд улс төр, эдийн засаг, хүний эрхийн чиглэлээр үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөлөө

27.06.2019

Монгол Улс, Европын Холбооны /ЕХ/ хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан өнөөдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаан нь 2017 оны 11 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Түншлэл, Хамтын Ажиллагааны Хэлэлцээр байгуулагдсанаас хойших хоёр дахь хуралдаан юм.

2019 онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар буюу Элчин Сайдын Яам Улаанбаатар хотноо 2017 онд байгуулагдан ажиллаж байгаа нь талуудын харилцааг улам бүр бэхжүүлэн, өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Тус хуралдааны үеэр Монгол Улс Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг бататган улс төр, эдийн засаг, хүний эрхийн талбарт хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцлээ. Түүнчлэн Европ-Ази тивүүдийн харилцаа, холбооны стратегийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцлоо.

Талууд Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах төсвийн дэмжлэг зэрэг хамтын ажиллагааны арга хэрэгслүүдийн талаар яриа хэлэлцээ өрнүүллээ.

Хамтарсан хорооны хуралдааны зэрэгцээ Хүний эрхийн асуудлаарх гурав дахь яриа хэлэлцээ зохион байгуулагдав. Талууд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

 

Монгол Улсад хуульд захирагдах ёсны үндэс суурь бат бөх тавигдсан төдийгүй хүний эрх, эрх чөлөөг сайтар хангаж байгааг хүлээн зөвшөөрөхийн ялдамд ойрын үед Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэгтэй харшилдах эрсдэл бүхий хууль дээдлэх ёс болон хүний эрхийн асуудлуудтай холбоотой хэд хэдэн санаачилгууд гарсанд Европын Холбоо санаа зовниж байгаагаа илэрхийллээ.  Мөн түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд цаазаар авах ялыг сэргээхийн эсрэг байр суурьтай байгааг Европын Холбооны зүгээс сайшаалаа. Хүний эрхийн яриа хэлэлцээ өрнүүлэхийн өмнө Европын Холбооны зүгээс Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж заншсан бөгөөд энэ нь тэдгээр байгууллагатай хамтран ажилладаг арга хэлбэрүүдийн нэг юм. 

Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх дэд хорооны хуралдаан Хамтарсан хорооны өмнө зохион байгуулагдсан бөгөөд бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудал дээр төвлөрч хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн үеэр Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Монгол Улсын Худалдааг дэмжих - TRAM төслийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.  

Тогтвортой хөгжил болон сайн засаглалыг дэмжих Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+ хүрээнд хийсэн хэлэлцүүлгийн үеэр Европын Холбооны зах зээлд татваргүй нэвтрэх худалдааны хөнгөлөлтийг илүү үр дүнтэй ашиглах, хүний эрх, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, сайн засаглалын холбогдолтой олон улсын конвенцуудын хэрэгжилт, тэр дундаа эдгээр салбарт гаргасан ахиц, анхаарвал зохих асуудлуудын талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үр дүнг Хамтарсан хорооны хуралдааны үеэр танилцуулав.

Хамтарсан хорооны хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны сайд ноён Д.Цогтбаатар, Европын Холбооны талаас Европын Гадаад харилцааны албаны Ази болон Номхон далайг хариуцсан Гүйцэтгэх Захирал ноён Гуннар Виганд ахалж оролцлоо.

Дараагийн Хамтарсан хорооны хуралдааныг 2020 онд Брюссель хотноо зохион байгуулахаар тохиролцов.