Европын Холбоо Монголын өвөлжилт хүндэрсэн нутгийн малчдад тусламж үзүүлнэ
Улаанбаатар хот. 2017 оны 2-р сарын 10 - Монгол орны ихэнх нутгаар 11 сараас эхэлсэн онцгой хахир хүйтэн өвлийн нөхцөл байдалд хамгийн ихээр өртсөн өрхүүдэд нэн даруй хүргэх хүмүүнлэгийн тусламжид зориулан Европын Комиссоос 115000 евро зарцуулахаар боллоо. Тусламжийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгууд, тухайлбал Хөвсгөл, Сэлэнгэ, Увс, Завхан аймгийн эмзэг бүлгийн 5000 гаруй хувь хүмүүст шууд хүртэх юм.
ЕХ-ны санхүүжилт Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн нэн шаардлагатай тусламж - анхны тусламжийн иж бүрдэл болон нөхцөлт бус бэлэн мөнгөний тусламж хүргэхэд зориулагдаж байна. Анхны тусламжийн иж бүрдэл нь малчид онцгой хүнд нөхцлийн үед эрүүл мэнд, бие бялдраа хадгалж хамгаалахад тустай, харин бэлэн мөнгөний туслалцаа нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд байгаа хүмүүс амьдралынхаа наад захын хэрэгцээг хангахад тус дөхөм болох учиртай. Санхүүжилтийг ЕХ-ноос Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (IFRC) Гамшгийн үеийн яаралтай тусламжийн санд (DREF) оруулдаг хандиваас гаргаж байна.
Өнгөрсөн хэдэн сард Монголын өргөн уудам нутаг, ялангуяа хойд хэсэгт цас ихээр орж, онцгой хүйтэн өвөл болж байна. Байгаль цаг уурын хүндрэлийн улмаас 21 аймгийн 15-д нь 157,000 хүн “зуд”-д нэрвэгдэх эрсдэл бий болоод байна. Малчид сум, аймгийн төвд байдаг эрүүл мэнд болон өөр бусад үйлчилгээнд хүрэх боломж хязгаарлагдаж, мал сүрэг ч хорогдох аюул тулгараад байна. Нөхцөл байдал хүндэрч эхэлсэн тул өнгөрсөн 12 –р сард Монгол Улсын Засгийн Газраас олон улсын хамтын нийгэмлэгт хандан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан.
Зундаа хэт халуун ган гачигтай, улмаар өвөл нь хахир хүйтэн болж, зуд болох тохиолдол Монголд ховор биш үзэгдэл. Хамгийн сүүлд, 2015 онд болсон зуднаар ойролцоогоор сая гаруй мал хорогдож, амьжиргаа нь мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай байдаг олон мянган малчдад хүндээр туссан. Комиссоос зуднаар хамгийн их хохирол амссан өрхүүдэд туслах зорилгоор хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг болгон 420,000 еврогийн санхүүжилт олгосон.
Ерөнхий мэдээлэл
Европын Холбоо, гишүүн орнууд нийлээд дэлхийн тэргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хандивлагч болдог. Хүмүүнлэгийн халамж туслалцаа – энэ бол дэлхийн аль ч өнцөгт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст чиглэсэн Европын эв нэгдлийн илэрхийлэл. Энэ нь амь аврах, зовлонд учрахаас сэргийлэх, арилгах, байгалийн гамшиг болон хүний буруутай үйлдлээс үүсэлтэй хямралд өртсөн хүн амын хүн ёсны нэр төр, зарчмыг сахин хамгаалах зорилготой. Европын Холбоо өөрийн Хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалт хариуцсан албаар (ECHO) дамжуулан жилдээ зөрчил мөргөлдөөн, гамшигт нэрвэгдсэн 120 сая гаруй хохирогчдод туслалцаа үзүүлдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ECHO-гийн вэб хуудаснаас үзнэ үү.
Европын Комисс Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны (IFRC) Гамшгийн үеийн яаралтай тусламжийн санг (DREF) дэмжих зорилгоор 3 сая еврогийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус сангаас гол төлөв олон улсын хэмжээнд албан ёсны тусламж хүсэх байдал хараахан үүсээгүй “бага-хэмжээ”-ний гамшгийн үед санхүүжилт олгогддог.
Гамшгийн үеийн яаралтай тусламжийн сан 1985 онд байгуулагдсан ба хандивлагчдын дэмжлэгт тулгуурладаг. Гамшгийн хариу үйлдэлд нэн шаардлагатай санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болсон үед Үндэсний Улаан загалмайн эсвэл Улаан хавирган сар нийгэмлэгээс Гамшгийн үеийн яаралтай тусламжийн санд хандаж болдог. “Бага-хэмжээ”-ний гамшгийн үед Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) Сангаас хөрөнгө гаргадаг, харин хандивлагчид тухайн гаргасан хэмжээний санхүүжилтийг нөхөн бүрдүүлдэг. Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) –той байгуулсан хэлэлцээрийн хүрээнд ЕХ-ны Хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалт хариуцсан алба (ECHO) харилцан тохиролцсон үйл ажиллагаанд (хүмүүнлэгийн чиглэлээр хүлээсэн эрх үүргийн хүрээнд) зориулан санд (DREF) 3 сая хүртэл еврогийн нөхөн бүрдүүлэлт хийх боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЕХ-ны Хүмүүнлэгийн тусламж, иргэний хамгаалалт хариуцсан алба (ECHO), Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн ажилтан Пьер Пракаш-тай холбогдон авна уу Pierre.Prakash@echofield.eu