ЕХ Монголд Төлөөлөгчийн Газраа нээнэ
Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринигийн гаргасан шийдвэрийн дагуу Европын Холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа нээнэ. Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа шинээр нээснээр ЕХ нийт 140 төлөөлөгчийн газартай болно.
Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер “Хятад, Орос хоёр гүрний дунд стратегийн байрлалд оршдог бөгөөд бидний хувьд чухал түнш Монгол улсад Төлөөлөгчийн газраа нээх амлалтаа Европын Холбоо биелүүлж байна. Би Монголд гурван удаа, анх 1998 онд, сүүлд саяхан 2016 онд очсон. Энэ улсад гарч буй гайхалтай ахиц дэвшил, хөгжлийг бид халуун дотноор хүлээн авч баяр хүргэх нь зүйн хэрэг, тийм ч учраас тэнд Европын Холбооны бүрэн эрхт суурин төлөөлөл байх нь зүйд нийцнэ.” гэсэн байна.
Дээд төлөөлөгч/Дэд ерөнхийлөгч Федерика Могерини “Геостратегийн онцлог байрлалтай Монгол Улс бүс нутагтаа чухал үүрэгтэй. Энэхүү Төлөөлөгчийн газар нь Монгол улстай харилцах бидний харилцаа, тус орны ард иргэдэд хандах тууштай хандлагаа бэхжүүлэхийн төлөө Европын Холбооны хувьд оруулж буй хөрөнгө оруулалтын илэрхийлэл юм. Ойр дотно харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байдгийг цаашид нотлох шинэ Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрээ ч бид удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.” гэж хэллээ.
Комисс ба Европын Холбооны Зөвлөлийн гэрээг дагаж гарсан Дээд төлөөлөгч/Дэд ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр 2017 ондоо багтаж хэрэгжинэ.
Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа нээх шийдвэр нь ЕХ-Монголын харилцааг хөгжүүлэхэд гарч буй онцгой ахиц дэвшлийн тод илрэл болж байна. ЕХ-ны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо байгуулснаар талууд улс төрийн харилцан яриа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломжтой болж, түншлэл улам бүр бэхжих нөхцөл бүрдэх юм.
https://eeas.europa.eu/headquarters/headquarters-homepage/30289/eu-open-delegation-mongolia_en