Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох санаачилгад 58 улс нэгдлээ
Өчигдөр орой Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн долоо хоногийн Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбооны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Европын Холбоо, Аргентин, Монгол Улсын хамтын хүчин чармайлтаар эхлүүлж, нийт 58 улс нэгдээд байгаа энэхүү санаачилга нь цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглохыг зорьж байна. Монгол Улсыг төлөөлж Гадаад храилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцлоо.
Олон улсын эрх зүй ямар ч үе, ямар ч нөхцөлд эрүүдэн шүүхийг хориглодог. Гэсэн хэдий ч үхэл, өвдөлтийн хэрэгслүүд, тухайлбал, өргөст бороохой, цахилгаан гүйдэлтэй бүс, дэгээ, цаазаар авах ялыг гүйцэтгэхэд ашигладаг химийн хорт бодис, хортой тариа дэлхий даяар худалдаалагдсаар л байна.
"Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүмүүст аймшигт өвдөлт мэдрүүлэх, тэднийг хөнөөхөөс өөр ямар ч зорилгогүй. Бид одоо энэхүү жигшим худалдааг зогсоох тодорхой арга хэмжээг авч байна. Дэлхийн маш олон орон хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурж, энэ Холбоонд нэгдэж байгаад би их баяртай байна. Энэ худалдааг цаашид тэвчихгүй гэдгээ ийнхүү хамтын хүчээр бид харуулж байна" хэмээн Европын Холбооны Худалдааны Комиссар Сесилия Мальмстрем хэллээ.
Өнөөдрийн нээлтийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс, Африк, Америк, Европ, Азийн 58 орон улс төрийн хамтарсан мэдэгдлийг баталж байна. Дэлхий нийтийн холбоонд нэгдсэн орнууд дараахи дөрвөн үйл ажиллагааг дэмжин санал нэгдэж байна. Үүнд:
• Эдгээр барааны экспортыг хянаж, хязгаарлах арга хэмжээ авах;
• Гаалийн байгууллагуудаа шаардлагатай төхөөрөмж хэрэгслээр тоноглох. Дэлхий нийтийн холбоо нь худалдааны урсгалд мониторинг хийх, мэдээлэл солилцох, шинэ бүтээгдэхүүнийг тодорхойлох хөтөлбөр бий болгоно;
• Энэхүү худалдааг хориглох тухай хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэхэд нь улс орнуудад туслах;
• Үр дүнтэй хяналт, хууль сахиулах системийн аргачлалыг харилцан солилцох.
Европын Холбоо болон өөр хаа нэгтээ хатуу дүрэм журам хэрэгжих болсны дүнд үхлийн аюултай тариа, эрүүдэн шүүлтэд ашигладаг бараа олж авах асуудал зарим талаар ихээхэн хүндрэлтэй бөгөөд илүү үнэтэй болсон байна. Гэсэн хэдий ч эдгээр барааг үйлдвэрлэгчид болон худалдаалагчид хуулийн цоорхойг ашиглахыг хичээх болсон. Иймээс хэдий олон улс орон эдгээр бараа бүтээгдэхүүний экспортыг хориглоно, энэ чиглэлийн худалдааг зогсоох төдий чинээ үр дүнтэй хүчин чармайлт бий болно. Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо бол иймэрхүү барааг олж авах явдлыг илүү төвөгтэй болгон, улмаар энэ чиглэлийн барааны худалдааг зогсоох тал дээр тодорхой алхам хийх арга зам юм.
Дэлхий нийтийн холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл
Оролцогч улсуудын жагсаалт болон хамтарсан тунхаглал
http://eu-un.europa.eu/wp-content/uploads/2017/09/170918_Political-Declaration-Torture-Free.pdf
Нью-Йорк хотноо болсон нээлтийн арга хэмжээний зургууд
https://www.flickr.com/photos/154405462@N04/albums/72157689030333825
Эрүүдэн шүүлтэд ашиглагддаг хэрэгслүүдийн зураг:
https://www.flickr.com/photos/154405462@N04/albums/72157684680715672
Нээлтийн арга хэмжээний үеэр авсан татаж авах боломжтой видео бичлэгүүд
http://ec.europa.eu/avservices/focus/index.cfm?sitelang=en&focusid=2604
Нээлтийн арга хэмжээний бичлэг бүрэн эхээрээ:
Твитер: @TortureFree
Хэвлэл мэдээллийн асуултууд: Info@torturefreetrade.org